МОНГОЛ СУРГУУЛЬ🏩
Энэ удаагийн нийтлэлээр та бүхэнд Солонгос дахь Монгол сургуулийн талаар хүргэж байна.
Бид анх Солонгосын нийслэл Сөүл хотод байрлах Монгол сургуульд нэг ангийн сурагчид болж танилцаж байлаа. Уг сургууль нь Солонгос улсад оршин сууж байгаа монгол хүүхдүүдэд эх хэлээрээ боловсрол эзэмших бололцоогоор хангах зорилгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. 2009 онд Насом хэмээх сүм дээр төрөл бүрийн насны 8 хүүхдийг сургаж байсан бол өдгөө 270 гаруй сурагчид, 20 гаруй багштай бие даасан сургууль болон хөгжсөн. БСШУСЯ-с бүрэн дунд боловсролын гэрчилгээ гардуулж, төгсөлтийн баярыг хүртэл нижгэр сайхан тэмдэглэж өгдөг найрсаг сургууль юм.
Хичээлдээ яаран ирсэн сурагчид нь өглөө бүр зааландаа цугларч төрийн дуулалаа эгшиглүүлдэг байсан нь хүн бүрт онцгой сэтгэгдэл төрүүлэм. Хичээлийн 1 жилийн явцад сургуулийнхаа хэмжээнд хавар намрын зугаалга, төрөл бүрийн тэмцээн уралдаан, Солонгос улсын түүхэн газартай танилцах аялал, хүүхэд бүрийг сонирхолын дагуу дугуйланд хамруулж, хүүхдийн хөгжлийг чухалчлан авч үздэгээрээ онцлог давуу талтай билээ. Мөн сургуулиас зайтай газарт амьдрах хүүхдүүд нь эрэгтэй эмэгтэй гэсэн дотуур байранд хамрагдаж ч болно.
Сургууль маань сурагчид биднийхээ хувьд асар том чухал орон зай юм. Учир нь харийн нутагт гэрбүл, үе тэнгийн хүүхдүүдээсээ хол суугаа монгол хүүхдүүдийн хувьд нийгэмших, авьяасаа хөгжүүлэх, ирээдүйгээ төлөвлөх, үлгэр дууриалал авах гээд олон талаараа хөгжлийнх нь орчин нь болж байгаа юм. Бусад том сургуулиудыг бодвол хүүхдийн тоо цөөхөн, хичээлээс гадна сургууль дээр өнгөрүүлэх цаг нь илүү их байдаг тул сургуулийн сурагчид хоорондоо ихээхэн найрсаг харилцаатай байдаг.
Хүүхдүүдийн хувьд солонгост ирээд удаагүй, дасаагүй хүүхдүүдэд Солонгосын соёлтой дотносоход тусалж, эх орондоо очилгүй удсан хүүхдүүдэд эх орныхоо түүх соёлын тухай мэдлэгтэй болох маш чухал ач холбогдолыг өгч байна.
Монгол сургуулийн талаар илүү их мэдээлэл авах бол энд дарна уу.




Comments
Post a Comment